Тоглоом эсвэл видео засварлаж байтал нөүтбүүк гэнэт унтрах, суурь нь халуу оргих, сэнс нь онгоц шиг чимээ гаргах — эдгээр бол ихэнх тохиолдолд нэг л шалтгаантай: хөргөлтийн систем үүргээ гүйцэтгэхээ больсон байна.
Яагаад халдаг вэ
Нөүтбүүкийн процессор ажиллахдаа дулаан ялгаруулж, тэр дулааныг зэс хоолойгоор радиатор руу дамжуулж, сэнсээр гадагш үлээдэг. Энэ гинжин хэлхээний аль нэг үе тасрахад температур босго хэмжээнд хүрч, эх хавтан өөрийгөө хамгаалахын тулд тэжээлийг таслана. Хамгийн түгээмэл гурван шалтгаан:
- Тоос. Радиаторын хавтаснуудын хооронд эсгий шиг зузаан тоос суудаг. Агаар нэвтрэхээ больдог.
- Хатсан thermal paste. Процессор ба хөргөгчийн хооронд түрхдэг дулаан дамжуулах зуурмаг 2–4 жилийн дараа хатаж, дулаан дамжуулах чанараа алддаг.
- Сэнсний элэгдэл. Холхивч хуучирч, эргэлт буурах эсвэл бүр зогсох.
Гэртээ шалгаж болох зүйлс
- Агаар гарах нүхийг хараарай. Ажиллаж байхад халуун агаар тогтмол гарч байна уу, эсвэл бараг үлээхгүй байна уу?
- Зөөлөн гадаргуу дээр ажиллуулахаа болиорой. Ор, дэвсгэр, хөнжил агаарын нүхийг бүтээдэг. Хатуу ширээ хамгийн зөв.
- Температур хэмждэг үнэгүй програм суулгаж, ачааллын үед хэд хүрч байгааг хараарай. 90°C-аас дээш тогтмол гарч байвал хөргөлт асуудалтай.
- Тоосыг гаднаас нь шахсан агаараар үлээх нь түр зуурын үр дүн өгч магадгүй. Гэхдээ радиатор дотор хуримтлагдсан тоос ингэж гардаггүй.
Хэзээ засварт өгөх вэ
Дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь давтагдаж байвал задалж цэвэрлэх цаг болсон: ачаалал ихтэй ажил хийх үед 5–10 минутын дотор унтрах, суурь нь гар тэсэхийн аргагүй халуу оргих, сэнсний чимээ огт сонсогдохгүй болох, эсвэл дүрс царцаж эхлэх.
Задлан цэвэрлэх ажилд радиатор, сэнсийг бүрэн салгаж цэвэрлэх, хуучин зуурмагийг арилгаж шинээр түрхэх, угсарсны дараа ачааллын тест хийж температурыг хэмжих зэрэг ажил багтана. Бидний туршлагаас харахад 3-аас дээш жил цэвэрлээгүй нөүтбүүкийн температур цэвэрлэгээний дараа мэдэгдэхүйц буурдаг.
Эрдэнэт хотод байгаа бол авчирч үзүүлээрэй. Оношлогооны дараа ямар ажил шаардлагатай, хэр хугацаа зарцуулахыг тодорхой хэлж, үнийн санал өгнө.
Бусад зөвлөмж
- Компьютер удаан болсон уу? Windows дахин суулгахаас өмнө шалгах зүйлс
- Оффисын сүлжээг эхнээс нь зөв барих: 6 алхам
- SSD vs HDD: компьютер яагаад удаан асдаг вэ
- Нөүтбүүкний батерейг 20–80% хооронд байлгах нь яагаад чухал вэ
- Нөүтбүүк цэнэг авахгүй болохоос хэрхэн сэргийлэх вэ
- Нөүтбүүкний кейбоард: гэмтлийн шалтгаан ба сэргийлэх арга
- Нөүтбүүкний дэлгэц, уян кабелийг хамгаалах 10 зөвлөгөө
- Wi-Fi яагаад удааширч, тасалддаг вэ: шалгах 7 алхам

